
ЦЭРЭНПИЛ Навааны /1915-1978/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Ардын цэргийн хөгжмийн байцаагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1961-03-14. №79/. 1929-1936 онд Ерөөгийн модны заводад мод бэлтгэгчээр ажиллаад цэргийн албанд дайчлагдан 1954 он хүртэл Дотоод явдлын яамны одон тэмдэгт тусгай хороо, төв сургуульд цэрэг, хөгжимчин, хөгжмийн удирдаач, 1954 оноос цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн удирдаач, цэргийн хөгжмийн байцаагч, 1960-1972 онд армийн хөгжмийн албаны даргаар ажиллажээ. Цэрэгт 30 гаруй жил алба хаахдаа байлдагчаас хурандаа, түргэн дохионы бүрээчээс армийн хөгжмийн албаны дарга, хөгжмийн зохиолч хүртэл замыг туулсан байна. 1945 оноос ардын дууг үлээвэр найрал хөгжимд найруулж дадлагажаад 1948 оноос бие даасан уран бүтээлээ маршийн төрлөөр эхэлж харуулын, хүндэтгэлийн, тугийн, ялалтын, найрамдлын, монголын залуучууд оюутны, пуужинт цэргийн гэх мэтээр 100 гаруй марш, “Гэгээн орой”, “Загасчин”, “Олимп” зэрэг 30-аад бүжгийн хөгжим, 20 гаруй дууны ая зохиож, “Ардын дууны рапсоди”, “Малчдын баяр”, “Пионерийн зуслан” уран сэтгэмж туурвиж эх орны хөгжмийн урлагийн сан хөмрөгт оруулсан байна. Монголын хөгжмийн алдарт зохиолч С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Ц.Намсрайжав, Ж.Чулуун нарын дорвилог бүтээлүүдийг үлээвэр найрал хөгжимд зохицуулан найруулсан нь өвөрмөц бүтээл болсон байна. Монголын армийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг үндэслэгчдийн нэг, маршийн хөгжмийн гол төлөөлөгч байжээ. Зохиол бүтээлийнх нь эмхэтгэл “Дуунууд” хэмээх ном Улаанбаатарт 1985 онд хэвлэгдсэн байна. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одонгоор хоёр удаа, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Улаан таван хошуу одон, Ялалтын медалиар шагнагджээ.