
ГААМАА Вандан-Оригийн /1910-1993/. Өвөрхангай аймгийн Баянгол /Дэлгэрэх/ сум. Төв больницын халдвартын их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1965-10-22. №218/. Эмэгтэй. Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, Цэцэрлэг мандал уулын аймгийн намын хороонд тал бичээчээр хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1927-1929 онд Улаанбаатар хотод Намын сургуульд, 1929-1932 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-д, 1935-1937 онд Улаанбаатарт хүн эмнэлгийн техникумд, 1947-1950 онд МУИС-д, 1958-1961 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуульд суралцаж төгсчээ. Хүний их эмч мэргэжилтэй. Халдвар судлалаар мэргэшжээ. 1932-1935 онд МХЗЭ-ийн Төв хороонд зааварлагч, суртлын хэлтсийн эрхлэгч, пионерийн төв товчооны эрхлэгч, 1937-1939 онд төв больницод бага эмч, 1939-1947 онд Хоршоодын төв холбоонд орчуулагч, 1958-1960 онд Эрүүлийг хамгаалах яамны ариун цэвэр, халдвар судлалын асуудлыг хариуцсан орлогч сайд, 1950-1958 , 1960-1973 онд Халдварт өвчнийг анагаах төв больницын ерөнхий эмчээр ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Эчнээгээр аспирантурт суралцаж 1961 онд “БНМАУ-ын нөхцөлд улаан суулга өвчний клиник явц ба өвчин үүсгэгчийн эмэнд мэдрэг байдлаас хамаарч өвчтөнг биомицин, левомицин, синтомицинээр эмчлэх, эмчилгээний үр дүн” сэдвээр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна. Орлогч сайд байхдаа өдөр нь яаманд ажлаа хийнгээ Халдвартын эмнэлэгт очиж эмчилгээгээ хийж, үдэш шөнө нь эрдэм судлалын ажлаа нухаж гурван хүний ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж байжээ. Хань нөхөр Төмөрийн Дашзэгвэ /Жанжин штабын орлогч дарга, Ардын хувьсгалын партизан/ нь улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэний /хожим цагаадсан/ дараа эсэргүний гэргий хэмээгдэн төв больницын бага эмчийн ажлаас халагдан хавчигдаж байжээ. АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож, МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцон Төв зөвлөлийн бүгд хурлын гишүүнээр сонгогдож байжээ. ЗХУ-ын Нян, халдвар судлал, халдвартын бүх холбоотын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн хүндэт гишүүнээр сонгогджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медалиар шагнагджээ.