
ИЧИНХОРЛОО Вандан-Ишийн /1914-1987/ Сэлэнгэ аймгийн Ерөө сум. АУДэС-ийн багш байхдаа Хүний гавъяат эмч /1971-07-02. №133/. Эмэгтэй. 1926 оноос Улаанбаатар хотод өнчин, нялхсыг асрах газарт асрагчаар ажиллаж, зөвлөлтийн мэргэжилтэн эмч А.Б.Гольдманаар орос хэл заалгаж, түүний зөвлөснөөр ЗХУ /хуучин нэрээр/-д Улаан-Үдийн рабфакт очиж 1930-1933 онд суралцжээ. Тэндээсээ Ленинградын АУДэС-д дэвшин суралцаж 1938 онд хүний их эмч, мэс засалч мэргэжлээр төгсч ирээд Төв больницын мэс заслын тасагт эмчээр ажиллаж байхад нь Халхын голын байлдаан болсон учир Баянтүмэнгийн цэргийн эмнэлэгт мэс засалчаар томилогдон очжээ. МУИС нээгдэхэд анагаах ухааны ангид нь уригдаж багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллангаа улсын төв больниц болон бусад томоохон эмнэлгүүдэд эмчээр ажиллажээ. Багш, эмчийн ажлынхаа хажуугаар эрдэм шинжилгээний ажил хийж “Монгол орны хүн амын бэтэг өвчин” сэдвээр 1953 онд анагаах ухааны дэд доктор, “Элэгний бэтэг өвчнийг мэс заслын аргаар эмчлэхүй” сэдвээр 1960 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1961 онд Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогджээ. Анагаахын шинжлэх ухааны анхны болон манай улсын анхны эмэгтэй доктор байжээ. “Бэтэг өвчний тархалт”, “БНМАУ-ын архаг хурц олгойн өвчлөгчдөд мэс заслын тусламж”, “Элэгний бэтэг өвчнийг мэс заслын бусад аргаар эмчлэх нь”, “Мэс заслын сурах бичиг”, “Цэргийн хээрийн мэс засал” зэрэг олон ном, сурах бичиг, нэр сэдэвт зохиол, эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны өгүүлэл туурвиж олны хүртээл болгожээ. Эмнэлгийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, эмчилгээ, үйлчилгээний практикт шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудыг нэвтрүүлэхэд их хувь нэмэр оруулсан, ард түмний эрүүл мэндийн үйлст ухамсарт бүх амьдралаа зориулсан эрдэмтэн, эмч, сурган хүмүүжүүлэгч байжээ. Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутатаар 4 удаа сонгогдож, Сүхбаатарын одон болон 3 удаа “Алтан гадас” одонгоор, мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.