|
ИДЭРЧУЛУУН Юндэнгийн /1946/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Улаанбаатар зүтгүүрийн депогийн дарга байхдаа Гавьяат тээвэрчин /2004-02-12. №13/. Улаанбаатар хотод Төмөр замын техникум, Улс төрийн академи төгсчээ. Хөдөлмөрийн гараагаа УБТЗ-ын Чойр өртөөнөөс эхэлж төмөр замын байгууллагад тасралтгүй ажиллаж, Улаанбаатар зүтгүүрийн депогийн ҮЭ-ийн хорооны дарга, татах хэсгийн дарга зэрэг ажлыг хийж иржээ. Тээвэр үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлэх 2010 он хүртэлх урт хугацааны үндсэн чиглэл боловсруулан мөрдөж, сүүлийн жилүүдэд Японы хөнгөлөлттэй зээлээр илчит тэрэгний засварын 40 гаруй тоног төхөөрөмж суурилуулан согоггүй ажиллуулж, резинэн эдлэл үйлдвэрлэх цех, элэгдсэн деталь, эд анги засварлах никель, хромын цех, зай хураагуур /аккумулятор/-ыг задалж сэргээн засварлах цех зэргийг шинээр ашиглалтад оруулж, импортоор авдаг валютын зардлыг ихээхэн багасгасан байна. Удирдсан татах хэсгийн хамт олон нь 1999 оноос хойших таван жилд жил бүр тн км-ийн төлөвлөгөөг 15,8-18,1 хувь давуулан биелүүлж, ашиглалтын нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг 104,2-114,6 хувиар тогтмол дээшлүүлэн, 1000 тн км-ийн өөрийн өртгийг 2,5-3,5 хувь хямдруулж, ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлж иржээ. Депогийн дэргэд сургалтын төв байгуулж мэргэжил дээшлүүлэх, сургах дамжаанууд зохион байгуулж байгаа нь үр дүнтэй болж байна. Байгууллагадаа сүү, хиам, ундааны цех байгуулж бүтээгдэхүүнийг нь ажилчдынхаа хэрэгцээнд зориулах зэргээр тэдний нийгмийн асуудалд нэлээд ахиц гаргажээ. Уран зохиол сонирхон оролдож “Төрийн сүлдтэй хөлөг”, “Дэлхийн газрын зураг дээр Дэлгэрхангай уул минь бий” зэрэг шүлэг найраглалын ном хэвлүүлсэн зохиолч ажээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |