|
МАШБАТ Чойсүрэнгийн /1941-1997/. Ховд аймгийн Цэцэг сум. Бөхийн самбо барилдааны дасгалжуулагч. Спортын гавьяат дасгалжуулагч /1973-09-25. №226/. 1960-1966 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн Ойн техникийн дээд сургуульд, 1971 онд Москвагийн БТДС-ийн дасгалжуулагчийн дээд дамжаанд суралцаж төгсчээ. 1967-1969 онд Мебелийн үйлдвэр, 1977-1984 онд Мебель кардоны комбинатад инженер, үйлдвэрийн дарга, 1969-1977 онд МБТСЭ-ийн Төв зөвлөлд самбо, жудо барилдааны улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1984-1986 онд Налайхын БТСХ-нд дасгалжуулагч, 1988-1997 онд Спорт сургалтын төвд эмэгтэй самбо, жудочдын улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллажээ. ЗХУ-д оюутан байхдаа самбо барилдаанаар хичээллэж Москва хотын шигшээ багийн гишүүн, ЗХУ-ын спортын дэд мастер болжээ. 1972, 1976, 1992 оны олимпид жудо бөхийн дасгалжуулагчаар оролцож, Мюнхен, Монреалийн олимпид шүүгч, 1973-1975 оны ДАШТ-ий ерөнхий шүүгч, 1990, 1994 оны Азийн спортын наадмын шүүгчээр ажиллажээ. Дасгалжуулсан тамирчид нь 1972 онд ДАШТ-ээс багаараа мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн баг нь ДАШТ-ээс 4 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн, 10 гаруй шавь нь дэлхийн аварга болсон байна. Олон улсын шилэгдмэл шүүгч тэрбээр 1973 оноос Азийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, олон улсын шүүгч, дасгалжуулагчдын семинарыг дөрвөн удаа удирдан явуулжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь идэвхтэй оролцож МоАХ-ны анхдугаар их хурлаас Ерөнхий зөвлөлийн гишүүнээр, МоАН-ын Их хурлаас Улс төрийн Ерөнхий зөвлөлтийн гишүүнээр сонгогдон ажиллажээ. “Самбо барилдааны дүрэм”, “”Жудо барилдааныг заах аргын зөвлөгөө”, “Жудо бөх” зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн хүндэт медаль, МҮОХ-ны алтан медаль, Дэлхийн бөхийн холбооны Мөнгөн загалмай одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |