|
ТЛЕЙХАН Ороны /1923-1982/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайд байхдаа Гавьяат барилгачин /1981-07-09. №226/. 1942-1944 онд Улаанбаатарт Намын дээд сургуульд, 1957-1961 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Коммунист намын дээд сургуульд, 1962-1966 онд МУИС-д суралцаж төгсчээ. Барилгын инженер мэргэжилтэй. 1941-1942 онд Баян-Өлгий аймгийн Намын хороонд зааварлагч, 1944-1947 онд Намын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш, 1947-1951 онд “Хөдөлмөр” сонины эрхлэгч, 1951-1953 онд Улаанбаатар хотын намын хорооны лекторын товчооны дарга, 1953-1955 онд Барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга, 1955-1957 онд Увс, Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1961-1962 онд Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга, 1965-1968 онд Намын Төв хорооны барилгын хэлтсийн эрхлэгч, 1962-1963 он болон 1968 оноос нас бартлаа Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайдаар ажилласан байна. Ухамсарт бүх амьдралаа төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд зориулж, Барилгын эрдэм шинжилгээний институт, Барилгын зургийн төв институт, Барилга, геодези, зураг зүйн газар, орон нутагт 10 гаруй ТМС, хоёр техникум, өөрийн орны барилгын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай материалын үйлдвэрүүд байгуулж, барилгын мэргэжлийн ажилчин, инженер, техникийн ажилтан бэлтгэх бүхэл бүтэн бааз, төрөл бүрийн мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн барилгачдын арми бий болгосон, Монгол орныг барилгажуулах ажлыг гардан удирдаж зохион байгуулсан шилдэг зохион байгуулагч, удирдах ажилтан байжээ. Ардын Их хурлын депутатаар 6 удаа сонгогдож, МАХН-ын 4 удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгор тус бүр 2 удаа, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |