|
БИЗЬЯАЖАВ Гэнэмаагийн ![]() УБДС-ийг төгссөн. Бүрэн бус дунд сургуулийг Дундговь аймгийн төвд 1949 онд төгссөн жилээсээ эхлэн төрөлх Дэлгэрцогт сумынхаа дунд сургуульд багш, 1953 оноос Цагаан-Овоо, Хулд, Дэлгэрхангай, Сайнцагаан сумын сургуульд захирлаар насны тэтгэвэрт гартлаа, энэ хооронд 1970-1972 онд аймгийн Боловсролын хэлтэст байцаагчийн албыг хоёр жил хашжээ. Боловсролын салбарт 43 жил ажилласны 37 жилд нь захирлаар ажиллахдаа хариуцсан сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлэх, хичээлийн байр, дотуур байрыг өргөтгөх, шинээр барих, кабинетууд байгуулах, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сурагчдын сурлагыг чанаржуулахад идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан байна. Сайнцагаан сумын дунд сургуулийг 20 жил удирдахдаа сурагчдын дотуур байрыг гэрийн нөхцөлд ойртуулан тохижуулж хүүхдийн тав тухтай байх таатай орчин нөхцөл бүрдүүлж, энэ туршлагаараа улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудын зөвлөлгөөнд илтгэл тавьж, олон аймгийн сургуулиудын захирал газар дээр нь очиж үзэж танилцан нэвтрүүлж байжээ. “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан улсын хоёр дахь, аймгийн анхны багш ажээ. Сумын ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт ажлыг олон жил гүйцэтгэж 1970-аад оны эхний үед уралдаан зохион байгуулдаг арга туршлагыг нь ҮЭ-ийн хэмжээнд нэвтрүүлж байжээ. МҮЭ-ийн XI, Монголын багш нарын III, V их хурал, ҮЭ-ийн тэргүүний идэвхтний хоёр удаагийн зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцож, МҮЭ-ийн Шалган байцаах комиссын гишүүнээр сонгогджээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |