
ДАРЬ Бадамын /1916-1971/ Сэлэнгэ аймаг. Сэтгэл мэдрэлийн больницын их эмч байхдаа Хүний гавъяат эмч /1966-03-08 №41/. Эмэгтэй. 1926 оноос бага, дунд сургуульд суралцаж, улмаар 1933 оноос эм найруулагч, сувилагч зэрэг ажлыг хийж байгаад МУИС-ийн хүн эмнэлгийн факультетэд элсэн суралцаж 1947 онд төгссөн үндэсний мэргэжлийн анхны 13 их эмчийн нэг байжээ. Оюутан байхдаа харж туслах ах дүүгүй, сайн санаат айлуудыг дамжин ганц охин /нэрт хийлч Алтанцаг/-тойгоо толгой хоргодож, орой үдэш нь 10 жилийн нэгдүгээр сургуульд цэвэрлэгчээр ажиллаж оюутны тэтгэлэгтээ нэмэр олж аж төрж зүтгэсээр их сургууль төгсөөд Дундговь аймагт хүний их эмчээр нэг жил ажиллахдаа олны талархал хүндэтгэлийг хүлээсэн байна. Тэндээс Улаанбаатар хотод ирж сэтгэл мэдрэлийн больницын эмч болжээ. Энд эмчилгээний дэвшилт аргыг үргэлжлүүлэн, инсулин шокийн шинэ аргыг хэрэглэж, сэтгэцийн үйл ажиллагааны нөлөөт эмүүдийг практикт нэвтрүүлжээ. Өвчтөнг хавчлагагүй байлгаж, хөдөлмөр эмчилгээ хийх болжээ. Энэ эмнэлэгт ерөнхий эмч, тасаг хариуцсан эмчээр 21 жил ажиллахдаа эмнэлгээ 450 ортой томоохон эмнэлэг болгож хөгжүүлж, бэхжүүлжээ. Эмчийн ажлынхаа хажуугаар МУИС, АУДэС-д багшилж эмнэлгийн мэргэжилтэн боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд эрдэм мэдлэг, арга туршлагаа зориулжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.