
ДУЛАМЖАВ Гэндэнгийн /1919/ Архангай аймгийн Чулуут сум. Төв аймгийн Нэгдсэн больницын их эмч байхдаа Хүний гавъяат эмч /1971-06-03. №109/. Эмэгтэй. Сувилагчийн дамжаа, Улаанбаатарт хүн эмнэлгийн техникум, МУИС-ийг дүүргэжээ. Сувилагч, Ховд аймаг дахь баруун таван аймгийг хариуцан дундын эмнэлэгт их эмч, Улаанбаатар хотын нэг, хоёрдугаар амаржих газар эх баригч их эмч, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр олон жил ажилласан, манай улсын эх барих, эмэгтэйчүүдийн анхны их эмч нарын нэг ажээ. Алсын дуудлагад олон зуун удаа явж, 4200 гаруй хүнд мэс засал хийж, түм гаруй эхийн төрөлтийг удирджээ. Хүүхдийн хүйг төрсний дараахь 3 дахь хоног дээр нь мэс заслын аргаар цэглүүлдэг аргыг манай улсад анх хэрэглэж ашигтайг нотолсон эмч ажээ. АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.